NFL-ийн алдартай баг болох Даллас Ковбойсын 25 настай хүлээн авагч (WR) Жорж Пикенс ирээдүйн гэрээнийхээ талаар байр сууриа илэрхийллээ. Тус баг түүнд 2026 оны улиралд зориулан 27.3 сая ам.долларын үнэлгээ бүхий нэг жилийн хугацаатай "франчайз таг" гэрээг санал болгоод байгаа юм.
CBS Sports-ын шинжээч Брайант Макфаддентай хийсэн ярилцлагын үеэр Пикенсээс ямар хэмжээний цалингийн саналыг хүлээж байгааг нь асуухад тэрээр: "Бусад тоглогчид авч байгаа шиг л хэмжээний цалин авахыг хүсэж байна. Би хэтэрхий галзуу зүйл хүсэхгүй байгаа ч, зах зээлд юу болж байгааг харж байна" хэмээн хариулжээ.
Одоогийн байдлаар NFL-ийн хүлээн авагчдын зах зээл дээр жилийн дундаж цалин 35-аас 45 сая ам.доллар хооронд хэлбэлзэж байна. Тухайлбал, Жаксон Смит-Нжигба дөрвөн жилийн 168.6 сая ам.долларын гэрээ байгуулснаар лигийн түүхэн дэх хамгийн өндөр цалинтай хүлээн авагч болсон бол Дрейк Лондон 141 сая ам.долларын гэрээгээр багтайгаа үргэлжлүүлэн ажиллахаар болсон юм.
Пикенсийн хувьд мэргэжлийн замналынхаа дөрвөн улиралд 65 тоглолтод оролцож, 267 удаа бөмбөг хүлээн авч, 4,270 ярд туулсан амжилттай байна. Ялангуяа өнгөрсөн улиралд тэрээр 1,429 ярд, есөн тачдаун бүртгүүлж, карьерынхаа оргил үеийг үдсэн юм.
Даллас Ковбойс багийн эзэн Жерри Жонс түүний талаар ярихдаа: "Жорж Пикенс бүх карьерынхаа туршид Ковбойс багийн тоглогч байх бүрэн боломжтой" хэмээн онцолжээ. Хэрэв Пикенс 2026 оны улиралд өөрийн амжилтаа хадгалж чадвал багийн удирдлагууд түүнтэй шинэ гэрээ байгуулах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна.