Австралийн хөгжмийн ертөнцийн хоёр том од болох Кайли Миноуг болон Ник Кейв нар Английн Брайтон хотын Престон Парк дахь тоглолтын тайзнаа баасан гарагт /наймдугаар сарын 1/ эргэн нэгдлээ. Тэд 1995 онд хамтран гаргасан “Where the Wild Roses Grow” дуугаа үзэгчдэд хүргэв.
Кайли Миноуг тоглолтын дундуур гэнэт гарч ирсэн бөгөөд энэ нь тэдний 2019 оноос хойш тайзан дээр хамтдаа дуулсан анхны тохиолдол болсон юм. Түүнээс өмнө 2018, 2013 онуудад болон 1990-ээд оны дунд үед "Murder Ballads" цомог гарсны дараа тэд уг дуугаа хамтдаа дуулж байсан түүхтэй.
Тоглолтын дараа Кайли Миноуг өөрийн Инстаграм хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ хуваалцахдаа "Би үүрд чиний зэрлэг сарнай байх болно" хэмээн Ник Кейвэд талархал илэрхийлжээ. Тэрээр тухайн үед өмссөн цагаан нэхсэн тортой даашинзаа Ник Кейвийн эхнэр, загвар зохион бүтээгч Сюзи Кейвийн бүтээл болохыг онцолсон байна.
Уг тоглолтын өмнөхөн Ник Кейв болон түүний хамтлаг Брайтон хотын "Resident Music" пянзны дэлгүүрийн дээвэр дээр гэнэтийн тоглолт хийж, дөрвөн дуу дуулжээ. Үүнд 27 жилийн турш амьдаар дуулагдаагүй байсан "Train Long-Suffering" дуу болон T. Rex хамтлагийн "Cosmic Dancer" дууны ковер багтсан байна.
“Where the Wild Roses Grow” нь Австралийн хөгжмийн түүхэн дэх хамгийн алдартай хамтын бүтээлүүдийн нэг юм. Энэхүү дуу нь Ник Кейвийн хамгийн том арилжааны амжилт болж, Австралийн ARIA чартын хоёрдугаар байр, Их Британийн чартын 11-р байранд тус тус бичигдэж байв. Кайли Миноуг нь поп хөгжмийн ертөнцийн хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний 2023 оны "Padam Padam" сингл нь Грэммийн шагнал хүртсэн бол Ник Кейв болон түүний хамтлаг одоогоор 2026 оны Европын аялан тоглолтоо үргэлжлүүлж байна.