АНУ-ын Эрүүл мэнд, хүний үйлчилгээний сайд Роберт Ф. Кеннеди-младший алдартай тогооч нартай хамтран "The Real Food Show" нэртэй хоолны нэвтрүүлэг хөтлөхөөр болжээ. Энэхүү цуврал нь түүний тэргүүлж буй "Make America Healthy Again" (MAHA) хөдөлгөөний хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд уураг, бүхэл үр тариа болон шинэ ногоонд суурилсан хооллолтын шинэ удирдамжийг олон нийтэд таниулах зорилготой юм.

Нэвтрүүлгийн эхний дугаар YouTube сувагт цацагдсан бөгөөд тогооч Эндрю Груэл яргай загасны котлет хийх аргаа үзүүлжээ. Кеннеди-младший нэвтрүүлгийнхээ хүрээнд гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой, боломжийн үнэтэй эрүүл хоолны жор болон исгэсэн бүтээгдэхүүний ач тусыг харуулахаа мэдэгдсэн байна. Тэрээр хоолны дэглэмийн шинэ удирдамжаа "Eat Real Food" буюу "Бодит хоол хүнс хэрэглэ" гэсэн уриатайгаар сурталчилж байгаа юм.

Шүүмжлэл ба эргэлзээ

Гэвч түүний энэхүү санаачилга нь олон нийтийн дунд хоёрдмол байр суурийг төрүүлж байна. Кеннеди-младший нь өмнө нь вакцин эсэргүүцэгч үзэл баримтлал, жирэмсэн үеийн эмчилгээний талаарх маргаантай мэдэгдлүүдээрээ олонд танигдсан нэгэн юм. Түүнчлэн түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байх үедээ зам дээр дайрагдсан баавгайн сэг олж, түүнийг Сентрал Паркт хаяж, дугуйны осол мэтээр жүжиглэсэн гэх хэрэг нь олны анхаарлыг татаж байв. Энэхүү түүхээс нь үүдэн олон нийтийн сүлжээний хэрэглэгчид "зам дээрх амьтны сэгний мэргэжилтэн" хэмээн хошигнож, түүнийг хоолны нэвтрүүлэг хөтлөхийг шүүмжилж байна.

Үүнээс гадна, АНУ-д хүнсний үнийн өсөлт болон амьжиргааны өртөг өндөр байгаа энэ үед түүний санал болгож буй хоолны жор хэр боломжийн үнэтэй байх талаар эргэлзээ төрж байна. Зарим шүүмжлэгчид АНУ-ын хүнсний хяналтын тогтолцоотой холбоотой асуудлуудыг хөндөж, эрүүл мэндийн сайдын энэхүү алхам нь бодит асуудлыг шийдэхэд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байгааг онцолжээ.