Технологийн салбарын аварга Google компани удахгүй болох "Made By Google" арга хэмжээнийхээ үеэр шинэ үеийн Pixel 11 утаснуудаа олон нийтэд дэлгэхээр зэхэж байна. Тус арга хэмжээ Нью-Йорк хотод наймдугаар сарын 12-ны өдөр болох бөгөөд дэлхий даяар YouTube сувгаар дамжуулан шууд үзэх боломжтой юм.
Энэ удаагийн цувралд үндсэн Pixel 11, Pro, Pro XL болон Pro Fold гэсэн дөрвөн загвар багтаж магадгүй байна. Google-ийн зүгээс эдгээр шинэ загваруудад "Pixel Glow" хэмээх сонирхолтой шийдлийг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа нь тодорхой болжээ. Энэ нь утасны камерын хэсэгт байрлах олон өнгийн гэрлийн модулийг ашиглан мессеж болон бусад мэдэгдлийг хүлээн авах үед гэрлээр дохио өгөх шинэ боломж юм. Тус компани аль хэдийн өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэхүү гэрлийн модулийн талаарх товч танилцуулгыг хийгээд байна.
Үнэ болон худалдаанд гарах хугацаа
Amazon сайтад санамсаргүй байдлаар ил болсон мэдээллээс үзэхэд шинэ загваруудын үнэ өмнөх Pixel 10 цувралаас өсөх төлөвтэй байна. Тодруулбал, Pixel 11 нь 899 ам.доллар, Pixel 11 Pro нь 1,099 ам.доллар, Pro XL загвар нь 1,299 ам.доллар, харин эвхэгддэг Pro Fold загвар нь 1,899 ам.доллар байх магадлалтай байгаа аж. Энэ нь өмнөх үеийн загваруудтай харьцуулахад үнийн өсөлттэй байгааг илтгэж байна.
Шинэ утаснууд танилцуулагдсанаас хойш нэг сарын дотор худалдаанд гарах төлөвтэй байна. Өнгөний сонголтын хувьд хар, саарал, ягаан болон ногоон өнгөний сонголтуудтай байх урьдчилсан мэдээлэл байна. Google-ийн энэхүү арга хэмжээгээр ухаалаг гар утасны зах зээлд ямар өөрчлөлт гарахыг технологи сонирхогчид анхааралтай ажиглаж байна.