Алдарт хөгжимчин, дуучин Фил Коллинз поп од Тэйлор Свифтийн талаар BBC Radio 2-ын "Tracks of My Years" нэвтрүүлэгт оролцохдоо сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрээр 15 жилийн өмнө "Songwriters Hall of Fame" арга хэмжээний үеэр Тэйлор Свифтийн тоглолтыг анх үзэхдээ бүрэн биширсэн гэдгээ илэрхийлсэн байна.
Тэр үед Свифт одоогийнх шиг дэлхийн хэмжээний од болоогүй байсан бөгөөд "White Horse" дуугаа гитар дээр ганцаараа дуулж байжээ. Коллинз энэ талаар "Тэр маш энгийн, зөвхөн гитар бариад дуулсан нь намайг бүрэн алмайруулсан. Дуу нь ч гайхалтай байсан, үг нь ч миний сэтгэлд хүрсэн" хэмээн дурссан байна. Тэрээр Свифтийг өнөөдөр дэлхийн хамгийн алдартай уран бүтээлч болсонд нь маш их баяртай байгаа бөгөөд тэрээр энэ амжилтаа "үнэхээр хүртэх ёстой" хэмээн онцолжээ.
Мөн ярилцлагын үеэр Фил Коллинз өөрийн алдарт "In the Air Tonight" дууг ихэнхдээ импровизаци буюу тухайн агшинд зохиосон хэмээн ярьсан байна. Тэрээр энэхүү дуугаа олон цагаар хөдөлмөрлөж бүтээгээгүй, харин аз завшааны үр дүнд бий болсон гэж тайлбарлажээ.
Фил Коллинз нь 2026 онд Рок-н-роллын алдрын танхимд гоцлол дуучны хувьд дахин бүртгэгдэхээр болсон байна. Тэрээр 1980-аад онд өөрийн соло карьераараа Billboard Hot 100 жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Харин Тэйлор Свифтийн хувьд Billboard 200 жагсаалтад хамгийн олон цомог нь тэргүүлсэн гоцлол дуучин гэх амжилтыг эзэмшдэг юм.